2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дууссан талаар эх сурвалж мэдээллээ.
Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнг бямба гарагт шалгаж дууссан аж. Уг ажиллагаа арваннэгдүгээр сарын дундуур буюу барилгын ажил дууссаны дараа эхэлжээ. Цэнгэлдэх хүрээлэнг Япон барилгын уламжлалт хэв маягаар барьж, 47 мужаас авчирсан модыг ашиглажээ.
Токиогийн Олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болон спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах энэхүү цэнгэлдэх хүрээлэн 60 мянга орчим хүний суудалтай ажээ. 152.9 тэрбум иен буюу 1.4 тэрбум ам.долларын өртгөөр байгуулсан уг байгууламжид анхны спортын арга хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулна гэж мэдээллээ.