Хятадын Чиндао хотноо өчигдөр жүдо бөхийн мастеруудын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр таван жингийн барилдаан болсон бөгөөд манайхаас эрэгтэй 5, эмэгтэй 5 бөх гарч барилдлаж 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Харин өнөөдөр 4 жингийн барилдаан болох бөгөөд манайхаас 6 бөх барилдлаа.
Эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г.Одбаяр Арабын нэгдсэн Эмират улсын Виктор Сквортов бөхтэй барилдаж ялагджээ.
Харин эрэгтэйчүүдийн 81 кг жинд манайхаас гурван бөх барилдлаа. D хэсгийг тэргүүлж Саэйд Моллаэ барилдлаа. Тэрбээр Монголын иргэншилтэй болоод эхний тэмцээндээ оролцож байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Италийн бөх Кристиан Парлатитай барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Тус жинд А хэсэгт орсон О.Ууганбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Австрийн бөх Шамил Борчашвили цэвэр ялжээ. Дараагийн тойрогт ОХУ-ын Алан Хубецовтой барилдаж цаг дуусах мөчид ялагджээ. Тус жингийн В хэсэгт Н.Дагвасүрэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Германы бөхийг цэвэр ялсан ч дараагийн тойрогтоо Туркийн Ведат Албаяракт ялагджээ.
Эмэгтэйчүүдийн 63 кг жинд В хэсэгт Б.Ганхайч эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын Дариа Давядоваг торгуулиар ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Японы Масоко Дойт торгуулиар хожигдож тэмцээнээ дуусгалаа. Тус жинд D хэсэгт орсон Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогтоо Канадын бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Улмаар өнөөдөр медалийн төлөө барилдах бөх гарсангүй. Маргааш таван жингийн барилдаан болно.