Монголын тамирчид Олимпын их наадмаас анх медаль хүртсэний 50, Олимпын анхны аварга төрсний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойтой холбогдуулан өнөөдөр Монголын олимпын медальтнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан тэргүүтэй МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд Н.Баярсайхан “1968 онд монголчууд хүн төрөлхтний спортын их наадмаас анх удаа медаль хүртсэн. Энэ онд олимпын наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Олимпын медальтнуудын хөргөөр зоосон мөнгө, цуврал марк хийх санаачилга гаргаж, Засгийн газарт хандсан.
Засгын газраас бидний хүсэлтийг дэмжсэн. Түүнээс гадна, Олимпоос медаль авч байсан үе үеийн тамирчдыг алдаршуулах зорилгоор Үндэсний түүхийн музейд талбай гаргаж өгөхөөр тохирсон байгаа.
Мөн Увс аймгийн Тэс сумын харьяат МУГТ, анхны олимпын медальт Т.Артаг, Булган аймгийн Тэшиг сумын харьяат , 1980 оны Москвагийн зуны олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны гэрэлт хөшөөг төрөлх нутагт нь босгохоор болсон.
Бид хөшөө босгох асуудлаар Увс болон Булган аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж, нааштай хариулт сонссон.
Бид 1000 жилийн настай чулуун хөшөөг 35 сая төгрөгөөр босгоно. Орчны тохижилттойгоо нийлээд 40 сая төгрөг болно гэж тооцоолж байна. Хоёр хөшөөний нийт өртөг нь 80 орчим сая төгрөг болох байх. Энэ мөнгийг цуглуулах хандивын аян өрнүүлэхээр төлөвлөж байна” хэмээн ярилаа.
Б.Саран-Учрал