Испанийн шигшээ хэрэгтэй хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-21

Испанийн шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо өнгөрсөн шөнө 02:00 цагаас Ирантай хийлээ. Эхний тоглолтод тэнцсэн “Ялагдашгүй армада”-гийн хувьд хожил ус агаар мэт хэрэгтэй байсан. Харин Иран энэ тоглолтоос оноо салгаж дөнгөвөл хэсгээс гарах өндөр магадлалтай болох байлаа.

Гэвч Испанийн шилдэг баг муугүй өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, зангаргаа харуулсан юм. Ингэснээр Испани 4 оноотой болж, Португалын хамтаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Ираны хувьд 3 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 54 дэх минутад Диего Коста оруулжээ. Ингэснээр Коста 3 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Энэ хэсгийн сүүлчийн тоглолтууд Испани болон Марокко, Португалын шигшээ болон Ираны хооронд өрнөнө. Ираны 3 оноотой байгаа учир тэд Португалаас ямар нэг байдлаар оноо салгаж дөнгөвөл хэсгээс гарах магадлал бий. Хожвол бүр ч ойлгомжтой. Тиймээс хэсгийн сүүлчийн тоглолтууд сонирхолтой өрнөх нь.