31 удаагийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас манайхны 15 дахь алтан медалийг хүртлээ.
Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг өчигдөр 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзэв. Манай бөх түүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдаад байсан. Тэгвэл энэ удаа Красноярскийн дэвжээнд түүнээс даагаа сайхан нэхэж 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогслоо.
Харин эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Монголын багийн хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа.
Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Анастасия Гучок, 1/4 шигшээд ОХУ-ын Валерия Дондупова, хагас шигшээд Казахстаны Мадина Бакбергенова, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялснаар тус тэмцээний хошой аварга болов. Б.Шоовдор одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд Красноярскийн дэвжээнд аваргалж байсан бөгөөд хоёр болон түүнээс дээш түрүүлсэн Монголын гурав тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин П.Орхон гурав (2016, 2017, 2018 он) хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр удаа (2015, 2019) түрүүлж байв.