Аргентины дасгалжуулагч уучлалт хүслээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-22

ОХУ-д зохион байгуулагдаж буй 21 дэх удаагийн ДАШТ-д оролцож буй Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Сампаоли багийн нийт фанатуудаасаа уучлалт хүсчээ.

Өнгөрсөн шөнө манай цагаар 02:00 цагт болсон Аргентин-Хорватын шигшээ багийн тоглолтод Аргентин 3:0 харьцаагаар хожигдож, хэсгээсээ гарах эсэх нь бүрхэг болсон юм.

Тэгвэл уг хожигдолтой холбоотойгоор дасгалжуулагч Хорхе Сампаоли мэдэгдэл хийж, ялагдлын хариуцлагыг өөртөө хүлээхээ мэдэгдэн Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнд нулимс урсгаж байсан үнэнч фанатуудаасаа уучлалт хүссэн байна.

Тэрбээр “Юуны өмнө холоос Аргентины шигшээ багийг дэмжихээр энд ирсэн хүмүүсээс уучлалт хүсмээр байна. Энэ хожигдлын хариуцлагыг би хүлээх болно” гэжээ.  1978, 1986 оны дэлхийн аварга Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Дөрвөн жилийн өмнө ганц ч хожигдол, тэнцээгүйгээр хагас шигшээд хүрсэн бөгөөд Нидерландын шигшээ багтай тэнцэж, пенальтаар ялалт байгуулж шигшээ тоглолтод шалгарч байсан. Гэвч шигшээ тоглолтод Германы багт хожигдон мөнгөн медаль хүртэж байсан юм.