Улаанбаатар Сити багийн тоглолт Монгол Улсад болохгүй

Б.ГАНЗОРИГ
2020-02-03

2019 оны “Мазала Үндэсний Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити клуб “AFC CUP - 2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайваны “Тайпауэр” багтай учраа тааран тоглохоор сугалаа таарсан. Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд явагдах байсан ч цуцлагдаж байна.

Учир нь БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар 01 сарын 31-ны өдөр хуралдаж 03 сарын 02-ны өдрийг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Тиймээс Тайпауэр багийн тамирчид Монгол улсын хилээр орж ирэх боломжгүй болсон юм.

Мөн Улаанбаатар Сити клубийн тамирчид ч Тайвань улсад зочлон тоглох боломжгүй. Учир нь Засгийн газрын ээлжит бус тус хуралдаанаар Монгол улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон билээ.

Азийн Хөлбөмбөгийн Холбоо 2 сарын 4-ны өдөр шуурхай хуралдааныг зарласан бөгөөд тус хуралдаанаар “AFC CUP 2020” болон “Азийн Аваргуудын Лиг”-ийн зүүн бүсийн тоглолтуудтай холбоотой асуудлуудаар хэлэлцэхээр болсон байна. Бид та бүхэнд тус тоглолт хаана, хэзээ явагдах талаар цаг тухайд нь шуурхай мэдээлэх болно.