Англи маягийн бутниргэлт

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-25

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд маш сонирхолтой өрнөж байна. ОХУ-д болж буй энэхүү дэлхийн аваргын G хэсэгт багтсан Английн шигшээ баг хоёр дахь тоглолтоо Панамтай хийлээ. Хэдийгээр Панам чансаа доогуур, сул бүрэлдэхүүнтэй баг хэдий ч дэлхийн аваргад муу баг гэж байдаггүй.

Тэгвэл эхний тоглолтдоо Тунисыг 2:1-ээр буулгаж аваад байсан Английн шигшээ энэ удаад өрсөлдөгчөө 6:1-ээр бутниргэж, Бельгийн эсрэг тулах бэлтгэлээ тун давгүй хангалаа. Ийнхүү тэд хасагдах шатанд орох эрхээ авсан ээлжит баг болов. Сүүлчийн тоглолтдоо Бельгитэй хэрхэн тулахаас шалтгаалж хэсгээс нэгээр гарах уу үгүй юу гэдгээ шийднэ.

Энэ удаагийн тоглолтод Английн төвийн хамгаалагч Жон Стоунс 8, 40 дэх минутад хоёр гоол оруулж, дубль толилуулсан. Тэгвэл Харри Кейн ямархуу энтэй довтлогч вэ гэдгээ харуулж, 22, 45, 62 дахь минутад хет-трик хийсэн юм. Ингэснээр тэрбээр хоёр тоглолтод 5 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.  Энэ дунд Лингард 36 дахь минутад нэг гоол оруулсан.

Панамаас дэлхийн аваргын түүхэнд бичигдэж буй анхны гоолыг 78 дахь минутад Балой оруулж, хөгжөөн дэмжигчдээ уйлууллаа. Түүхэндээ анх удаа дэлхийн аваргад оролцсон Хойд Америкийн энэ улс хүчирхэг Английн эсрэг гоол оруулж чадсан нь түүхэн амжилт боллоо.