Баяртай Польш

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-25

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн таамаглаагүй тоглолтоор дүүрэн үргэлжилж байна. Н хэсгээс нэгээр гарах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Польшийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо Колумбийн шигшээтэй хийж, 3:0-ээр хожигдож, шуугиан тарилаа. Ингэснээр Польшийн шигшээ баг Оросыг орхиж, нутаг буцах ээлжит багаар тодорлоо.

Тэгвэл эхний тоглолтдоо Японд тун азгүй хожигдсон Колумбийн шигшээ ямархуу хүчтэй баг гэдгээ харуулж, ус агаар мэт хэрэгтэй 3 оноогоо авч, хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. Тоглолтын 40 дэх минутад Мина гоолдож, тооны харьцааг нээсэн бол Фалькао 70 дахь минутад нэгийг нэмжээ. Түүний араас өөр нэг шилдэг тоглогч болох Куадрадо 75 дахь минутад гүйцээсэн юм. 2014 оны дэлхийн аваргын мэргэн буучаар тодорч байсан Хамес Родригес бэртлээсээ эргэн ирж, хоёр гоолын дамжуулалт өгч, тус нэмрээ орууллаа.

Ийнхүү Колумбийн шигшээ хэсгийн гурав дахь тоглолтдоо хожих даалгавартай, хэсгээс гарах боломжтой үлдлээ. Тэд гурав дахь тоглолтоо Сенегалтай хийнэ. Энэ тоглолтод хожих даалгавраа биелүүлж чаддаггүй юм гэхэд тэнцээ зулгаахад бөмбөгийн зөрүүгээр цааш шалгарах магадлал өндөр байгаа билээ.