Английн шигшээ баг ДАШТ-ий хэсгийн тоглолтуудаа гайхалтай хийж байгаа. Тэд өчигдөр Панамыг 6:1-ээр бутниргэж, хэсгээс гарах болзлоо хангасан. Тэгвэл энэ тоглолтод Английн шигшээн довтлогч Харри Кейн гурван гоол оруулж, хет-трик толилуулсан юм.
Энэ нь Орост болж буй дэлхийн аваргын 2, ДАШТ-ий түүхэн дэх 52 дахь хет-трик байлаа. Харин Харри Кейн дэлхийн аваргад хет-трик хийсэн гурав дахь Англи тоглогч боллоо. Өмнө нь 1966 онд Жеффри Хирст, 1986 онд Гари Линекер нар дэлхийн аваргад нэг тоглолтод гурван гоол оруулж байж. Гэхдээ Харри Кейн ердөө 40 минутын дотор гурвыг хийсэн нь тэднээс давж гарах үзүүлэлт юм.
Түүнээс гадна, Харри Кейн өнөө цагийн шилдгүүд болох Месси, Роналдогоос илүү үзүүлэлт гаргаж байгаа. Кейн дэлхийн аваргад ердөө 152 минутад 5 гоол оруулсан бол Месси 1444 минут тоглож байж энэ үзүүлэлтэд хүрсэн. Кейн 24 настайдаа 115 тоглолтод 111 гоол оруулсан нь Роналдогоос хавьгүй илүү үзүүлэлт юм.