ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж дуусчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-24

Энэ сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулж, СЕХ-нд хүргүүлэх хуулийн заалттай. Тиймээс улс төрийн намууд өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн намын гишүүдийн хурлаа онлайнаар зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав. Тухайлбал, АН-ынхан өнгөрөгч бямба гарагт цахимаар ҮБХ-ны хурлаа хийж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн бол өчигдөр Ардын нам Бага хурлаа мөн л онлайн хэлбэрээр зохион байгуулав. Улс төрийн бусад хүчнүүд энэ удаагийн сонгуульд эвсэж орохоор болсноо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө олон нийтэд ил тод зарлалаа. 

МАН: Нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг орон сууцжуулна 

Тусгаар тогтнолын ордноос гадна улс орон даяар 38 цэгт болсон МАН-ын Бага хурлын ирц 85 хувьтай байжээ. Бага хуралд төлөөлөгчөөр сонгогдсон иргэд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс гадна намын дэргэдэх ТББ-ынхан албан өрөөнөө цуглаж, онлайнаар хуралдаа оролцсон юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргээс Бага хуралд сонгогдсон гишүүд нь дүүргийнхээ намын хорооны байрнаас, Булганы төлөөлөгчид аймгийнхаа намын хорооноос, НАМЭХ-ны төлөөлөл нэг өрөөнөөс гэх мэтээр 5-10-уулаа нэг өрөөнд цуглаж Бага хуралдаа оролцов.

Бага хурлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удирдаж явуулсан юм. Тэрбээр, хурлын үйл явцын талаар ярихдаа “Манай намын энэ удаагийн мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдээ дэмжихэд чиглэсэн. Банкны зээлийн хүүг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Тухайлбал, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, Төрийн орон сууцны корпорацийг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулна.

Эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгд­сэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа” гэлээ. Мөн энэ бол мөрөөдлийн жагсаалт биш МАН-ынхан хийж чадах ажил хэмээн онцлов. Үүнээс гадна төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Энэтхэг улс руу нүүрс экпортолж хоёр гарцтай болно гэлээ. Мөн “Монгол малчин”, “Монгол мал-2” гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах “Дарханы аж үйлдвэрийн цогцолбор”, 150.000 тонн махны экспорт, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Мөн газар тариалангийн чиглэлд “Атрын-IV” аяныг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “191 улсад “COVID-19” халдвар бүртгэгдэж, цар тахлын хэмжээнд хүрсэн учир нам мөрийн хөтөлбөр баталж, 2020 оны парламентын ээлжит сонгуульд оролцох асуудлыг цахим хурлаар батална. Ардын нам “Цахим нам” болох зорилтын хүрээнд 21 аймаг есөн дүүргийн намын анхан шатны байгууллагуудтайгаа холбогддог цахим техно­логийг нэвтрүүлээд хоёр жил болж буй бөгөөд нэг ёсондоо анхны дижитал нам болсон” хэмээлээ. 

“Та бидний эвсэл”: Сургалтын төлбөрийг төрөөс даана 

Ээлжит сонгуульд эвсэл болж оролцохоо зарласан дараагийн улс төрийн хүчин бол МАХН-ынхан юм. Тэд энэ удаагийн сонгуульд ИЗНН болон МУНН-тай эвсэж “Та бидний эвсэл” байгуулж оролцохоор болжээ. Улс төрийн намуудын дарга нар өчигдөр мөрийн хөтөлбөрөө баталж, эвслийн гэрээндээ гарын үсэг зурсан юм.

Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр онлайнаар оролцов. Учир нь хөл хорио гарсан үед гадагшаа явсан учраас 14 хоног тусгаарлалтад байгаа билээ. МАХН-ын Нийслэлийн намын хорооны дарга Э.Эрдэнэжамъян “МАХН-ын гуравдугаар сарын 22-ны өдрийн Бага чуулганы аравдугаар тогтоол, ИЗНН-ын Үндэсний хорооны гуравдугаар сарын 21-ний өдрийн аравдугаар тогтоол, МУНН-ын Улс төрийн зөвлөлийн мөн сарын 21-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус тус “Та бидний эвсэл” байгуулагдах шийдвэр гарсан.

Гэрээний хүрээнд улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдрийн гаж тогтолцоог үндсээр нь өөрчилнө. Эрхзүйт төрт байгууллагыг жинхэнэ утгаар нь эмхлэн байгуулахаар тохиролцож, эвсэлд нэгдэн орсон улс төрийн намууд эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эвсэл нэн тэргүүнд Сонгуулийн тухай хуульд багтсан хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан заалтыг өөрчилнө.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлнэ. Монгол хүн төр засгийн хамгаалалтад байна, байгалийн баялаг ард түмний дундын өмч байна. Мөн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байна, Бүх шатны шүүгч нарыг ард түмэн шууд сонгоно, Засаглалын хянах эрх мэдлийг бий болгох, Парламент хоёр танхимтай болох, хүн бүхэн заавал дээд боловсролтой байх бөгөөд сургалтын төлбөрийг төрөөс даах гэх мэт асуудлыг Үндсэн хуульдаа тусгах ёстой гэж үзсэн” гэсэн юм. Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Бидний энэхүү эвслийн зорилго нь монгол хүн Монголдоо сайхан амьдрах нөхцлийг бий болгох, тэдний бий болгосон эдийн засгийг та бидний эдийн засгийн бодлогоор солих явдал” гэв. 

“Шинэ эвсэл”: 30 тэрбумын өрийг 30 гэр бүлээр төлүүлэх ёстой 

Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн талаараа өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Шинэ эвсэл”-ийг төлөөлөх нэгдсэн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас эвслийн даргаараа Ж.Батзанданг сонгожээ.

Ж.Батзандан хэвлэлийн хурлыг нээж үг хэлэхдээ “Монголынхоо шударга эх орончидтойгоо нэгдэж, эвслээ албан ёсоор байгууллаа” хэмээн мэдэгдэв. Харин МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Өнгөрсөн 30 жилд МАН, АН хоёрын хооронд Монголын нийт хөрөнгө, хүн хүчийг хуваан тарамдууллаа. Энэ талцал бол монголчуудад, монгол гэр бүлд ашиггүй байсан. Монгол Улс бүхэлдээ хөрш зэргэлдээ улс орнууд, бүс нутагтаа, дэлхийн улс орнуудтай өрсөлддөг байх ёстой” гэлээ.

Эвслийн мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байгаа аж. Мөн иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,  стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх зэрэг зорилтуудыг тодорхой тусгажээ.