Испанийн алдарт “Барселона” клуб “Атлетико”-гоос Антуан Гризманныг авахаар хөөцөлдөж байсан ч энэ наймаа бүтэхээргүй болсон билээ. Тэгвэл Каталоны баг довтолгооны шугамаа зузаатгахын тулд Бразилын шигшээ болон “Манчестер Сити”-гийн довтлогч Габриэл Жесус, Мексикийн шигшээн хагас хамгаалагч, “ПСВ” клубт зүтгэж буй Ирвинг Лозано нарыг сонирхож эхэлжээ.
Түүнээс гадна, Оросын шигшээд гялалзаж буй “ЦСКА” клубын хагас хамгаалагч Александр Головин, “Ювентус”-ын Миралем Пьянич нарыг сонирхож байгаа аж. Испанийн AS сонины мэдээлж байгаагаар “Барса” Жесусыг авах магадлал тун бага гэнэ. Тиймээс “Байерн”-ы Тиаго Алькантара, “Тоттенхэм”-ийн Кристиан Эриксен нар руу санаархаж магадгүй байгаа юм байна.