Месси, Роналдо нутаг буцлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-01

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өчигдөр орой эхэллээ.  Шөвгийн 16-д учраа таарсан Франц болон Аргентины хүчирхэг шигшээ багууд хоорондоо учраа таарч, гал гарсан “тулаан” боллоо. Агуу Мессигийн сүүлчийн дэлхийн аварга ч байж магадгүй учраас тэрбээр Аргентинтай хол явахыг хүссэн байх.

Гэвч Франц илүү хүчирхэг байж, Мбаппе гялалзаж, өрсөлдөгчөө 4:3-аар буулгаж авлаа.  Тоглолтын 13 дахь минутад Гризманн торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн бол Ди Мария 41 дэх минутад цөм цохилтоор хариуг нь барьсан. Улмаар 48 дахь минутад Меркадо багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэвч Павар 57 дахь минутад тэнцүүлж, Мбаппе 64, 68 дахь минутад гүйцээсэн. Аргентинаас сэлгээгээр орж ирсэн Агуэро 90 дэх минутад ойртуулсан ч тэнцүүлэх цаг үлдээгүй юм. Ийнхүү супер довтлогчдоор дүүрэн Аргентины шигшээ тэднийгээ огт ашиглалгүй тоглоод, хожигдож, Месси нутаг буцлаа.

Энэ тоглолтын дараа өөр нэг супер од Роналдо нутаг буцахаар болсон. 2016 оны Европын аварга баг Өмнөд Америкийн төлөөлөл Уругвайтай тулсан ч 2:1-ээр хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Уругвайгаас Кавани 7, 62 дахь минутад дубль хийж, багтаа ялалт авчирсан юм. Португалаас ганц гоолыг  Пепе 55 дахь минутад оруулсан билээ.