Английн “Челси” клуб энэ зун багийнхаа хаалгач Тибо Куртуаг 50 сая еврогоор зарахад бэлэн байна. Бельги тоглогчийн гэрээ дуусахад дахиад жилийн хугацаа байгаа. Дэлхийн аваргын өмнө “Цэнхэрүүд”-ийн удирдлагууд түүний гэрээг сунгахаар ятгасан ч зөвшилцөлд хүрээгүй бөгөөд цаашид ч гэрээгээ сунгах нь эргэлзээтэй байна.
The Telegraph-ийн мэдээлж буйгаар Куртуагийн гэрээ дуусах дөхөж байгаа учраас “Челси”-гийнхэн санаа зовж байгаа аж. Тиймээс гэрээгээ сунгаад үлдээж чадахгүй бол чөлөөт агентын хувиар явуулахаас илүүтэй өндөр үнэтэй зарахыг хичээж байгаа нь ойлгомжтой юм.
Энэ жил 26 настай Бельги хаалгач “Реал” руу явах сонирхолтой байгаа хэдий ч Эзэн хааны клуб түүнээс илүүтэй “Рома”-гийн Алиссоныг сонирхож буй аж. Түүнийг авч магадгүй өөр нэг баг нь “ПСЖ” болов ч тэд Буффонтай гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
“Челси”-гийн хувьд Куртуагийн төлөө 50 саяыг өгөх баг гарч ирвэл явуулахаас татгалзахгүй гэнэ. Үүнээс гадна, “Цэнхэрүүд” Италийн “Рома” клубын хаалгач Алиссоныг 60 сая фунтээр авахаар төлөвлөж байгаа ажээ.