Оросын шигшээ түүхэн амжилт тогтоолоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-02

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө Оросын шигшээ баг шөвгийн 16-д хүчирхэг Испанитай туллаа. Энэ тоглолтод хэн ч  Оросыг хожино гэж бодоогүй байх. Тэгвэл Орос түүх бүтээж, хүчтэй өрсөлдөгчөө торгуулийн цохилтоор хожиж чадлаа.

Тоглолтын 12 дахь минутад Игнашевич өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин Зюба 41 дэх минутад торгуулийн цохилтоос тэнцүүлж, энэ дэлхийн аваргын 3 дахь гоолоо оруулсан юм. Үүнээс хойш үндсэн болон нэмэлт цагт гоол ороогүй.

Ингэснээр торгуулийн цохилтоор асуудлыг шийдэхээр болсон. Тэгвэл торгуулийн цохилтын баатар нь Оросын хаалгач Акинфеев байлаа. Тэрбээр Коке болон Яго Аспас нарын цохилтыг хааж, түүхэн гавьяа байгуулж чадлаа. Ийнхүү Оросын шигшээ шөвгийн наймд шалгарч чадлаа.