Бельгийн шигшээ эцсийн мөчид хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-03

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Бельгийн хүчирхэг шигшээ Азийн төлөөлөл Японтой тулсан юм. Энэхүү тоглолтод Бельги илт илүүрхэнэ гэж хөлбөмбөг сонирхогчид харж байсан байх. Гэвч Лукаку, Азар, Мертенс, Брюйне тэргүүтэй бельгечүүд эцсийн мөчид арай гэж 3:2-оор хожсон юм.

Тоглолтын эхнээс Японы шигшээ уян хатан тоглолт үзүүлж, сайн довтолж, хамгаалсан. Улмаар хоёрдугаар үе дөнгөж эхлээд 48 дахь минутад Харагучи гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 52 дахь минутад Инуи хүчтэй цохилтоор багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм.

Харин Бельги ур чадвартай тоглогчид, өндөр хамгаалагчдынхаа ачаар нэхэж чадсан. 69 дэх минутад Вертонген тооны харьцааг ойртуулж, Феллайни 74 дэх минутад тэнцүүлсэн. Харин 90+2 дахь минутад Насир Шадли гоолдож, багтаа ялалт авчирч, шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр Бельги шөвгийн наймд Бразилтай тулахаар боллоо.