Орон нутгийн найм дахь удаагийн сонгууль энэ сарын 15-ны өдөр улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдсан билээ. Орон нутгийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан хэмээж байгаа ч хүчтэй сөрөг хүчин гэдгээ нотлон харуулсан АН-ынхан найман аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулсан юм. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, засаглах эрхтэй болсон бөгөөд сүүлийн найман жилийн хугацаанд ардчилалд үнэнч сонголт хийсэн цор ганц дүүрэг хэмээн нэрлэж болно. Тус дүүрэгт АН-аас 26, МАН-аас тав, ХҮН-аас хоёр, бие даагч хоёр сонгогдож, нийт 35 төлөөлөгчийг бүрдүүлсэн. Тэгвэл өнөөдөр хуульд заасны дагуу Сүхбаатар дүүргийнхэн ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж, дүүргийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа сонгов.
Анхдугаар хуралдааныг хамгийн өндөр настай төлөөлөгч нь даргалж явуулдаг хуультай. Энэ үүднээс хурлыг өнөөдөр Р.Чогжмаа гуай даргалсан юм. Тэрбээр хурлын эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллыг төлөөлөгч нарт уншиж, танилцууллаа. Хуваарийн дагуу эхлээд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргыг сонголоо. ИТХ-ын даргад Б.Энхболдыг дэвшүүлж, олонхийн саналаар баталсан юм. Дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нь 1982 онд төржээ. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй нэгэн аж. Түүнийг сонгогдох үеэр төлөөлөгч нарын зүгээс “Дүүрэгт ялалт байгуулсан эрх баригч хүчний хувьд цөөнхийн дуу хоолойг сонсож, санал шүүмжлэлийг хүлээн авч байгаарай. Дүүргийнхээ хөгжлийн төлөө нам, эсвэл харгалзахгүй ажиллаарай. Залуу хүн учир итгэл найдвар болоод өндөр хүлээлттэй байгаа” хэмээн үгээ дайж байлаа.
Түүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргад Х.Болормааг улираан томилох саналыг төлөөлөгчдийн олонхи нь дэмжсэн билээ. Засаг дарга Х.Болормааг томилох үеэр “Хийж, хэрэгжүүлэх өчнөөн ажил, төсөл, хөтөлбөр танд бий. Үүнийгээ үргэлжүүлэн ажиллаарай. Боловсрол, эрүүл мэнд болоод Сүхбаатар дүүрэгт өөрчлөлт, шинэчлэлтийг хийгээрэй” хэмээн төлөөлөгчид хэлж байсан юм. Ингээд, дүүргийн шинэ ИТХ-ын дарга болон улиран томилогдсон Х.Болормаа даргаас ирэх дөрвөн жилд сүхбаатарчуудын хөгжлийн төлөө ямар ажил хийх вэ гэдгийг нь тодруулав.
Х.Болормаа: Илүү сайн ажиллаарай гэж бидэнд итгэл үзүүлсэн
-Сүхбаатар дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээсэн ажлыг минь үнэлж 145 мянган иргэн сонгуульдаа идэвхтэй саналаа өгсөн. Улмаар, Ардчилсан намд дахин итгэл хүлээлгэв. Өөрөөр хэлбэл, сүхбаатарчууд илүү сайн ажиллаарай хэмээн бидэнд дахин итгэл үзүүлсэн хэрэг. Тиймээс ирэх дөрвөн жилийн хугацаанд АН-аас хэрэгжүүлж, ажиллах мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын бодлоготой холбож, нийслэлийн Засаг даргын урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй уяж, үндсэн чиглэлээ батална. Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа таслахгүйгээр үргэлжлүүлэх боломжтой болж байна. Иргэдийн ая тухтай амьдралыг сайжруулах, гудамж, талбайн тохижилт, гэрэлтүүлэг, зам талбай, сургууль, цэцэрлэг гэх мэт хийж хэрэгжүүлэх олон ажил бий. Энэ ажлаа хийхийн тулд багаараа зүтгэнэ. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарал хандуулна. Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн дүүргийн хөрөнгөөр анх удаа Сүхбаатар дүүрэгт нэгдсэн эмнэлгийн барилгын төслийг суулгасан гэх мэт хийж, хэрэгжүүлэх олон ажлыг хэрэгжүүлнэ. Бид итгэлийг зүтгэлээр хариулна.
Б.Энхболд: Нам, эвслийн ялгаа гаргахгүй, итгэлийг алдахгүй зүтгэнэ
-Иргэдээ төрд төлөөлж, тэдэнтэйгээ ойрхон байна. Сүхбаатар дүүргийн хөгжилд анхаарлаа хандуулан ажиллах болно гэдгээ энд онцлоё. Хамгийн чухал нь цөөнхийн үгийг сонсоно. Нам, эвслийн ялгаа гаргалгүй иргэд, сонгогчдынхоо итгэлийг алдахгүй зүтгэж, хичээх болно.