Алдаатай хувцсыг засаж, дахин үйлдвэрлэхэд төсвөөс нэмэлт зардал гараагүй

O.Admin
2022-01-31

Бээжин-2022 өвлийн олимпод оролцох Монгол Улсын шигшээ багийнхны өмсөх хувцас,  хэрэгслүүдийг Michel&Amazonka хариуцан ажиллаж байна. Олимпын хувцсыг нээлтийн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр албан ёсны зураг, мэдээлэл тайлбарыг өгөхөөр төлөвлөжээ.

Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тус компаниас тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өчигдөр урьдчилан нийтэлсэн байна.

Тайлбарт,

Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар үйлдвэрлэгдэх хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар юм. Монгол Улсын шигшээ багийнхны өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх G үсгийг тодорхой болгон зассан байгааг зурагнаас харна уу гэжээ. 

Жич: Өвлийн олимпын хувцсыг шигшээ багийнхан өмнө нь өмсөж танилцуулсан бөгөөд ноосон цамцан дээр Mongolia гэсэн улсын нэрэн дээр үсгийн алдаа гаргаж, MONCOLIA гэсэн байв.

"Алдаатай хувцсыг засаж, дахин үйлдвэрлэхэд төсвөөс нэмэлт зардал гараагүй. Үйлдвэрлэгч өөрөө хариуцсан. Монголын шигшээ багийн тамирчид алдаагүй хувцсаа өмсөөд өнөөдөр Бээжин хотыг зорьж байна" гэж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.  

Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна. Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан МҮОХ-нд талархал илэрхийлэхийн хамт Олимпын багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно” гэжээ.