Стамбулд эрчүүд хоёр, бүсгүйчүүд бүгд медальтай

O.Admin
2022-02-28

Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92 кг-ын жингийн барилдаан болов. Стамбулын дэвжээнээс манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алт, 57 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө, өчигдөр 53 кг-д ОУХМ Бат-Очирын Болортуяа алт, эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл сүүлийн өдөр буюу өнөөдөр 74 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар хүрэл медаль хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны бөх Мохаммадсадех Фуризпурбанпейтэй барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй. Өнөөдөр 57 кг-д ОУХМ З.Занабазар Энэтхэгийн Аманд 5:10-аар, 65 кг-д ОУХМ Т.Тулга Узбекистаны Умижон Жалаловт 4:4-өөр хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.