Шигшээ баг Филиппинтэй тоглолтын төгсгөлд гоол алдаж харамсалтайгаар хожигдлоо

O.Admin
2022-06-12

Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны B хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр талбайдаа Филиппиний шигшээ багтай тоглолоо. Шигшээ багийн үндсэн арга барил болох хамгаалалт маш сайн хэрэгжсэн бөгөөд Палестинтай хийсэн тоглолтой харьцуулахад олон довтолгоо зохион байгуулсан.

Тоглолтын төгсгөлд Филиппиний шигшээ баг торгуулийн цохилтын эрх авсан ч Монголын шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ амжилттай хаасан. Улмаар тоглолт тэнцүү үргэлжилж байсан ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Филиппиний шигшээ багийн довтлогч, Германы Бохум клубт тоглодог Холтман гоолдож 1-0 харьцаагаар Филиппин хожлоо. Монголын шигшээ баг ийнхүү хоёр тоглолт дараалан, тоглолтын төгсгөлд гоол алдаж тун харамсалтайгаар хожигдлоо.

Хэсгийн эхний тоглолтод торгуулийн цохилт алдаж Палестинд 1-0 харьцаагаар хожигдоод байсан Монголын шигшээ баг сүүлийн тоглолтоо энэ сарын 14-ний мягмар гаргийн 17:00 цагт Йементэй хийнэ. Харин Филиппиний шигшээ баг тус өдрийн 12:30 цагт Палестинтай тоглох юм. Хэсгийн нөгөө багууд болох Палестин, Йемений багууд өнөөдөр 17:00 цагаас Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд тоглоно. Өмнөх тоглолтод Филиппинтэй 0-0 харьцаагаар тэнцсэн Йемен нэг оноотой яваа бол Монголыг хожсон Палестин 3 оноотой хэсгээ тэргүүлж байна.