Монголын шигшээ баг урьдчилсан шатанд анхны хожлоо байгууллаа

O.Admin
2022-06-15

Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны B хэсэгт багтсан Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр талбайдаа Йемений шигшээ багтай хийлээ.

Шигшээ баг тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхний гоолыг Г.Ганбаяр хаалгач Э.Мөнх-Эрдэнийн дамжуулалтаар оруулав. Ийнхүү Азийн аваргын урьдчилсан гуравдугаар шатны анхны гоолоо оруулсан шигшээ баг хоёрдугаар үед дахин нэг гоол оруулсан нь Г.Ганбаярын хоёр дахь гоол байв.

Тоглолт 2-0 харьцаатай Монголын давамгайлал дор өндөрлөсөн бөгөөд хэсгийн гуравдугаар байрт 3 оноотой бичигдэж байна.

Ингэснээр B хэсгийг Палестины шигшээ баг 3 хожил, 9 оноотойгоор тэргүүллээ. Тэд эхний тоглолтод Монголын шигшээ багийг 1-0, түүний дараа Йеменийг 5-0, өнөөдөр Филиппинийг 4-0 харьцаагаар тус тус хожсон.

Харин эхний тойрогт Йементэй 0-0 харьцаагаар тэнцэж, хоёр дахь тоглолтод Монголын шигшээ багийг 1-0 харьцаагаар хожсон Филиппин 4 оноотойгоор хэсгийн хоёрдугаар байрыг эзэллээ.

Дэлхийн чансаанд Монголоос 35 байр дээгүүр бичигддэг Йемений шигшээ баг 1 оноотой хэсгийн сүүлийн байрыг эзэлсэн бол Манай шигшээ баг 3 оноотой гуравдугаар байрт оров.