“Ливерпүүл” бутниргэж, “Сити” нээлтийн тоглолтдоо хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-13

Английн премьер лигийн эхний тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Өчигдөр орой энэ улиралд түрүүлэх өндөр магадлалтай гэгдэж буй “Ливерпүүл” клуб шинэ дасгалжуулагч, тоглогчдоор хүчээ зузаатгасан “Вест Хэм”-ийн талбайд зочилж, 0:4-өөр бутниргэлээ.

Ингэснээр хүснэгтийн тэргүүн байранд бичигдэж байна. Тоглолтын 19 дэх минутад Салах гоолдож, тооны харьцааг нээсэн. Түүний араас 45, 53 дахь минутад Мане хоёрыг хийж, багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. Улмаар Старриж 88 дахь минутад гүйцээснээр шинэ улирлын эхлэлээ амжилттай тавилаа.

Тэгвэл “Арсенал”-ын талбайд “Манчестер Сити” зочилж, шинэ дасгалжуулагчийнх нь чансааг шалгалаа. Аваргаа хамгаалагчид энэ тоглолтод Арсен Венгерээ явуулсан “Арсенал”-ыг талбайд нь 0:2-оор буулгаж авлаа.

Тоглолтын 14 дэх минутад Стерлинг тооны харьцааг нээсэн бол Бернардо Силва 64 дэх минутад нэгийг нэмжээ.