Английн премьер лигт доош унахгүйн төлөөх өрсөлдөөн тун ширүүн өрнөж байна. “Сток Сити” 37 дугаар тойрогт хожигдсон учир доош унах нь тодорхой байсан. Тэгвэл өнгөрсөн шөнө доошоо унахгүйн төлөө өрсөлдөж буй “Соунси” болон “Саутгэмптон” клубүүд 37 дугаар тойргийн нөхөн тоглолтоо хийлээ.
Энэ тоглолтод “Саутгэмптон” өрсөлдөгчөө талбайд нь 0:1-ээр хожсоноор 36 оноотой болж, амьсгаа авахтайгаа боллоо. Харин “Соунси” 33 оноотой хэвээр үлдэж, доошоо унах магадлал маш өндөр боллоо. Тоглолтын ус агаар мэт хэрэгтэй ганц гоолыг 72 дахь минутад Габбьядини оруулсан.
“Саутгэмптон”-ы энэ хожил “Вест Бромович”-ийн багахан найдварыг үгүй хийлээ. “Вест Бромович” 38 дугаар тойрогт хожоод ч дээд лигтээ үлдэх найдваргүй боллоо. Ийнхүү “Сток Сити”, “Вест Бромович” гэсэн хоёр баг доошоо уналаа. Харин “Соунси” 38 дугаар тойрогт хожиж чадахгүй бол доошоо унана. Хожсон ч гэсэн “Хаддерсфилд”, “Саутгэмптон” багууд хожвол мөн л доошоо унах юм.