Азийн зуны спортын 18 дугаар наадмын албан ёсны нээлт өнөөдөр Индонезийн нийслэл Жакартад болно. Сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг багийн спортын төрлүүд аль хэдийнэ эхэлсэн байгаа. Харин Азийн наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээж, маргаашнаас тэмцээнүүд эхлэх юм.
Маргааш эрэгтэй чөлөөт бөх, буудлага /гар буу/, Таеквондо, усанд сэлэлт, туялзуур сэлэм зэрэг спортын тэмцээнүүд болох юм. Манайхаас маргааш чөлөөт бөхийн төрөлд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул нар барилдана.
Тэгвэл буудлагаас О.Гүндэгмаа Ц.Мөнхзул тэргүүтэй буудагчид, Таеквондогоос М.Түмэнбаяр тэргүүтэй тамирчид өрсөлдөх юм. Харин усанд сэлэлтээс Есөнхүслэн Есүй тэргүүтэй сэлэгчид уралдах билээ.