“Жакарта-2018” Азийн 18 дугаар наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний барилдаандаа Тажикистаны Хикматулло Вохидовтой хийж 7:0-ээр яллаа.
Мөн 97 кг-д “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул 1/8 шигшээд өсвөр үе, залуучуудын Азийн аварга Казахстаны Бакдаулет Алментайг 5:4-өөр яллаа. Ө.Батзул зургадугаар сард болсон “Монголиа Опен”-ий шигшээ барилдаанд казах эрд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл Жакартагийн дэвжээнд даагаа амжилттай нэхэж барилдааны төгсгөлд ялалтын хоёр оноо авсан юм. Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Ким Жэ Гантай хүч үзнэ.