Э.Бэхбаяр Азийн наадмын аварга боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-20

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадам үргэлжилж байна. Өчигдөр чөлөөтийн эрэгтэй бөхчүүд барилдаж, нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ. Тухайлбал,  чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Монголын баг тамирчдын салхийг алтан медалиар хагалж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. 

Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин болж байна. Түүнчлэн Э.Бэхбаяр Азийн наадам болон Азийн аварга болсон чөлөөт бөхийн зургаа дахь тамирчин болж байна.

Түүний хувьд Индонезийн нийслэлд тэгшитгэлд Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр, 1/8 шигшээд БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр ялсан. Улмаар  шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр, хагас шигшээд Азийн АШТ болон Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт Ираны Реза Атриг буулгаж авсан.  Харин  алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын 20 настай Кан Кум Сон нарыг тус бүр 8:2-оор яллаа.

Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-д барилдсан ОУХМ О.Үйтүмэн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Паван Кумарыг 8:1-ээр буулгаж авч, Азийн наадмын медалийн тавцанд зогслоо. Ийнхүү манай тамирчид эхний өдөр хоёр медаль хүртэж чадлаа.