Манай шигшээ баг эцсийн мөчид ялалт байгуулж, эхний хожлоо байгууллаа

O.Admin
2022-11-11

2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд өчигдөр Улаанбаатарт тэр дундаа 3000 хүний суудалтай “UG Arena”-д эхэлсэн.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Тайти улсын багтай өрсөлдөх бөгөөд өнөөдөр эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 94-92 харьцаагаар Монгол Улсын шигшээ баг эхний хожлоо байгууллаа. Тус тоглолтод Т.Санчир 36 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Б.Билгүүн 14 оноо, 7 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Чун Хонг Тинг 33 оноогоор багаа тэргүүлсэн бол Ю Хой Вонг 29 оноог авчээ.

Манай багийн дараагийн учраа маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 18:30 цагт Таити Улсын шигшээ багтай тоглоно.

Харин манай багийн шигшээ багт багтаад байсан Э.Дөлгөөн бэлтгэлийн үеэр гараа гэмтээсний улмаас энэ тоглолтуудад оролцох боломжгүй болсон юм.

Өчигдөр нээлтийн тоглолтод Таити болон Вьетнамын шигшээ багуудын хооронд болсон бөгөөд үндсэн цагт 41-84 харьцаагаар Вьетнамыг ялалтаар өндөрлөсөн юм. Харин өчигдөр болсон сүүлийн тоглолт Малайз болон Тайландын шигшээ багийн хооронд болсон бөгөөд үндсэн цаг 78-103 харьцаагаар Тайландын ялалтаар өндөрлөсөн юм.

Тус тэмцээнд хэсгээс хамгийн өндөр оноо авсан гурван баг урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд баруун, зүүн бүсийн нийт зургаан баг өрсөлдөж шилдэг дөрөв нь Азийн аваргын сонгон шалгаруулах шатанд шалгарах юм.