Английн премьер лигийн 2 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг “хөшиг”-ийг хааж “Ливерпүүл” клуб “Кристал Палас”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа.
Ингэснээр эхний хоёр тойрогт хожсон 6 дахь баг боллоо. Мөн +6 бөмбөгтэй болж, “Сити”-гийн араас хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 45 дахь минутад Милнер торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. Улмаар 90 дэх минутад Мане нэгийг нэмж, шинэ улирлын 3 дахь гоолоо орууллаа.
Ийнхүү Мане “Эвертон” клубын Ришарлисон болон “Манчестер Сити”-гийн довтлогч Агуэро нарын хамтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.