Манай шигшээ сүүлийн тоглолтод Тайландын шигшээ багт хожигдлоо

O.Admin
2022-11-15

2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод тэр дундаа 3000 хүний суудалтай “UG Arena”-д болж байгаа билээ.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Тайти улсын багтай өрсөлдөх бөгөөд өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр Тайландын шигшээ багтай тоглож 109-105 харьцаагаар хожигдлоо. 

Дөрөвдүгээр үеийн төгсгөл хэсэгт Монголын шигшээ оноог барьж, бүр илүү гарсан ч тайландуудын гурав дараалсан холын шидэлт байндаа тусч, тулааны хувь заяаг шийдэж орхилоо.

Тус тоглолтод Б.Билгүүн 31 оноо, 9 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Т.Санчир 23 оноо, А.Ананд 20 оноог авчээ.

Манай баг эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 94-92, дараагийн тоглолтоо Таити улсын багтай тоглож 62-91 харьцаагаар, Вьетнамын багийг 88-77 хожсон билээ. Улмаар Азийн Аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд шалгарах эрхээ албан ёсоор авсан.

Энэ хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан бөгөөд дараагийн даваанд Гуам, Хонконг, Сингапурын хамт нэг хэсэг болон өрсөлдөх юм. Улмаар эдгээр зургаан багаас эхний дөрөв нь 2025 оны Азийн аваргад оролцох эрхтэй болно.

2023 оны хоёрдугаар сард явагдах энэхүү шатанд Монголын шигшээ сайн тогловол түүхэндээ анх удаа тивийн аваргад оролцох эрхээ авах юм. Шигшээ багийн залуустаа амжилт хүсье.