Роналду таван ДАШТ-д дараалан гоол оруулсан анхны хөл бөмбөгчин боллоо

O.Admin
2022-11-25

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тав дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр H хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Солонгос, Уругвай, Португал, Гана гэсэн багууд орсон юм.

Хэсгийн хоёр тоглолт Гана болон Португалын багуудын хооронд болж 2-3 харьцаагаар Португал хожлоо. Тус тоглолтын эхний үед багууд маш хянамгай тоглож хамгаалж байсан ба хоёрдугаар үеийн эхэнд ч энэ тайван тоглолт үргэлжлэв. Харин 65 дахь минутад Криштиану Роналду торгуулийн цохилтоос гоол оруулсны дараа тоглолтын хэмнэл сэргэсэн.

Роналду торгуулийн цохилтоос гоол оруулснаар таван ДАШТ дараалан гоол оруулсан анхны хөл бөмбөгчин болов. Улмаар Ганаас 73 минутад Айю тэнцээний гоолыг оруулсан бол Португалаас 78 минутад Жоау Феликс гоолдож дахин тэргүүллийг авсан бөгөөд үүнээс хоёр минутын дараа Рафаэл Леау гоолдож, 3-1 харьцаагаар тэргүүлжээ. Улмаар Ганачууд 89 дэх минутад тооны харьцааг ойртуулж Осман Букари гоол оруулсан ч оройтсон байлаа. Тоглолтын төгсгөлт тоог тэнцүүлэх боломж байсан ч Инаки Уильямс халтирч унаснаар Португал 3 оноо авлаа.

Гана улсын дараагийн тоглолт арваннэгдүгээр сарын 28-ны даваа гарагт 21:00 цагаас Солонгосын шигшээ багтай тоглох бол Португал улсын баг арваннэгдүгээр сарын 29-ны мягмар гарагт 03:00 цагаас Уругвайн шигшээ багтай тоглоно.