“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингээр манай бөхчүүдийн барилдаан өндөрлөнө. 68 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Дивья Какраныг оноогоор цэвэр (11:1) яллаа. Ингэснээр тэрбээр хагас шигшээд Тайваний Чен Венлингтай хүч үзэхээр боллоо.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 1/4 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Хироэ Минагава (Сүзүки)-тай барилдаж оноогоор цэвэр (1:13) ялагдав. Японы бөх хагас шигшээд ялалт байгуулсан тохиолдолд О.Насанбурмаад дагах барилдаан гарна.