Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-22

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт,  “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг Монголын баг тамирчдын анхны мөнгөн медалийг авчирлаа.

Тэрбээр Индонезийн нийслэлд шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд “Лондон-2012” олимпийн наадамд оролцож явсан Тайваний Чен Венлингийг тус бүр оноогоор цэвэр ялсан. Гэвч  алтан медалийн төлөөх барилдаанд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, “Инчён-2014” Азийн наадам болон Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэд 1:4-өөр ялагдсан.