Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол Токио хотын Кокүгикан бөхийн өргөөнд эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өглөө.
Засгийн газрын энэ долоо хоногийн /2023.01.25/ ээлжит хуралдаанаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэсэн юм.
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн билээ. Тус ёслолд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Тод манлай уяач Д.Даваахүү, Улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очжээ.