Улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэв

O.Admin
2023-03-06

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулъя” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Заамар Өгөөмөр Хайрхан" ХХК, "Дорнын Өртөө" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Нутгийн буян" групп, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Энхтөгс” сан, “Алтай констракшн” ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, Б.Лхагвадорж, аймгийн харцага Г.Мөнхбаяр нар үлдэв.

Мөн энэ барилдаан эхлэхийн өмнө Төв аймгийн сумдын золголт болон өсвөрийн 96 бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд тус барилдааны том насанд Жаргалант сумын Б.Батжаргал түрүүлж, Жаргалант сумын Б.Лхагважав үзүүрлэн, дунд насанд Баянжаргалан сумын Шинэ-Од түрүүлж, Батсүмбэр сумын Ч.Буянтогтох үзүүрлэн, бага насанд Сэргэлэн сумын Буянравжих түрүүлж, Заамар сумын Соронзонболд үзүүрлэжээ.

Төв аймагт үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх зорилгоор өсвөрийн барилдаанд зодоглосон 6-18 насны бүх хүүхдүүдэд зодог шуудаг бэлэглэж, алдарт аваргуудынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн юм.