Кирибаяама Б.Лхагвасүрэн дээд зиндааны анхны түрүүгээ хүртэв

O.Admin
2023-03-27

Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр Осака хотноо боллоо. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон ёкозүна цолонд ойрхон озэки Такакэйшо нар барилдаагүй учир бусад бөхчүүдэд түрүүлэх сайхан боломж гарсан.

Энэ боломжийг Дорнод аймгаас гаралтай сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн ашиглаж, дээд зиндааны анхны түрүүгээ хүртэв.

Өдгөө 26 настай тэрбээр өчигдөр сүүлийн барилдаанаа комүсүби Дайэйшотой хийсэн. Хэрэв Дайэйшо энэхүү барилдаанд дийлсэн бол тэрбээр аварга болох байлаа. Харин Кирибаяама давбал нэмэлт барилдаан гарах байсан юм. Улмаар эхний барилдаанд Кирибаяама ялж, нэмэлт барилдаан гарахад тэрбээр дахин илүүрхэж, Монгол түмнээ баярлууллаа.

Бусад монгол бөхчүүдийн тухайд сэкивэкэ Хошорюү С.Бямбасүрэн урамтай сайхан барилдаж, арван даваа, таван унаатай башёг өндөрлүүлжээ. Харин дээд зиндаанд гарч ирээд удаагүй байгаа Хокүсэйхо Э.Даваанинж, Миторюү Б.Төрболд качикоши хийн, найм давсан аж. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан качикоши хийсэн бол ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа авч, хангалтгүй барилджээ.

Түрүүлсэн Кирибаяама Б.Лхагвасүрэн ярихдаа “Анх сүмод хөл тавихдаа юу болохыг нь мэдэхгүй, ойлголтгүй байлаа. Харин одоо, найман жилийн дараа энэ хүртэл иржээ” гэжээ.

Мөн Жонокүчи зиндаанд нэг ч өвдөг шороодоогүй байсан Асахакүрюү өнөөдөр жонидан зиндааны Такашёокиг ялж, жонокүчи зиндаанд 7:0 түрүүллээ.

Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох Асасэкирюү Б.Дашнямын "Такасаго" дэвжээнд Асахакүрюү 朝白龍 буюу Өглөөний цагаан луу нэрээр барилдаж байгаа билээ. Тэрбээр 24 настай, 182 см өндөр, 150 кг жинтэй. Тэгвэл өвөө нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтох агсан юм.

Барилдаанд түрүүлснийхээ дараа “Анх удаа тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Ахлах сургууль, Такүшёкү их сургуульд ч сүмо барилдаж байхдаа түрүүлж байгаагүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.