Өнөөдөр М.Уранцэцэг, Д.Амартүвшин тэргүүтэй 4 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-29

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын наадам үргэлжилж байгаа билээ. Өнөөдрөөс монголчуудын хамгийн их хүлээсэн жүдо бөхийн тэмцээн эхэлж байна. Энэ удаагийн Азийн наадмын жүдогийн төрөлд 35 орны эрэгтэй 130, эмэгтэй 93, нийт 223 жүдоч оролцож байна.

Тэгвэл эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, кг-ын барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдана. Манай тамирчин эхний тойрогтоо хийлж, шөвгийн 16-д Макаогийн бөх Лио Чон Хоутай барилдана.

Тэгвэл 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр барилдана. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, шөвгийн 16-д Тайландын Пунтанам Сурасактай тулах юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлсэн. Улмаар хэсгийн аваргын төлөө эзэн орны Синта Деви болон Тайванийн Гао Жун Енг нарын ялсантай нь тулна. Манай бөхийн хувьд хагас шигшээд Солонгосын Жон Бу Кёонтай барилдах магадлал өндөр байна.

Тэгвэл 52 кг-ын жинд Г.Ганцэцэг барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлсэн. Харин шөвгийн 16-д Хонгконгийн бөх Цуи Шук Китэй барилдахаар оноолт таарлаа.