3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөлөө. Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авав.
Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм.
Финалын тоглолтод Э.Дөлгөөн найман оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд зургаа, О.Энхбаатар тав, Д.Дэлгэрням хоёр оноо тус тус авлаа.
Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа финалдаж, хоёуланд нь ялагдаад байсан бол хариугаа ийн авав. Хамгийн гол нь тивдээ түрүүлснээр Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авсан нь чухал байлаа.