Азийн аваргаас Т.Тулга мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2023-04-14

Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр монголын шигшээ багийн тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг жинд Төмөр-Очирын Тулга Киргиз, Узбекистаны бөхчүүдийг ялсаар финалд хүрсэн бөгөөд Ираны Рахман Муса Амузадхалилид 3-1 харьцаагаар ялагдсанаар мөнгөн медаль авав. Т.Тулга эхний үед илүү барилдаж торгуулийн 1 оноогоор тэргүүлж байсан ч хоёрдугаар үед Рахманы хамгаалалт сайн болж Т.Тулгын довтолгоог хамгаалсаар оноо авч яллаа. Ираны Рахман ийнхүү хоёр дахь жилдээ дараалж Азийн аварга болж байна.

Өнөөдөр Монголын таван бөх зодоглосноос

  • 57 кг жинд Занданбудын Занабазар хүрэл медалийн төлөө Казахстаны Рахат Халзанд 6-4 харьцаагаар ялагдаж 5-р байр эзэлсэн.
  • 70 кг жинд Ганхуягийн Ханбүргэд эхний шатанд Японы Ёшиносүкэ Аоягид 19-9 харьцаагаар ялагдсан
  • 79 кг жинд Бат-Эрдэнийн Бямбадорж шөвгийн наймд Энэтхэгийн Дээпэкт 4-1 харьцаагаар ялагдсан
  • 97 кг жинд Баасанцогтын Өлзийсайхан эхний шатанд Ираны Можтаба Голеуд 12-0 харьцаагаар ялагдсан

Харин маргааш

  • 61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга
  • 74 кг жинд Олонбаярын Сүлдхүү
  • 86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
  • 92 кг жинд Ганбаатарын Ганхуяг
  • 125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар тус тус барилдана.

Хасагдах шат болон дагах барилдаанууд 13:30 цагаас эхлэх бол медалийн барилдаанууд 21:00 цагт эхэлнэ.

Азийн аваргын эмэгтэй төрлийн барилдаанууд дууссан бөгөөд Монголын шигшээ баг 2 мөнгө (П.Орхон, Ч.Отгонтуяа) 2 хүрэл (Э.Даваанасан, Б.Болортуяа) медаль хүртсэн.