Өнөөдөр Д.Сумъяа, Ц.Цогтбаатар тэргүүтэй 5 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-30

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын 18 дугаар наадам үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр Азийн спортын наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн болно.

Эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 57, 63, 70 кг-ын барилдаан өнөөдөр болж, манай 5 бөх барилдана.

73 кг-ын жинд Ц.Цогтбаатар барилдах бөгөөд манай бөх В хэсэгт багтсан байна. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, удаах тойрогт Киргиз болон Шри Ланкийн тамирчдын ялсантай нь барилдана.  Тэгвэл 81 кг-д О.Ууганбаатар барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Тажикстаны Акмал Мурадовтай барилдахаар оноолт таарлаа.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн аварга Д.Сумъяа барилдана.  Манай бөх эхний тойрогтоо хийлж, шөвгийн 16-д Вьетнамын тамирчинтай тулна. Тэгвэл 63-д барилдах Б.Ганхайч эхний тойрогтоо мөн Вьетнамын бөхтэй барилдана. 70 кг-д барилдах Ц.Наранжаргал С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Киргизстаны Айзан Кадурбековатай барилдаах оноолт таарлаа.