“Челси” топ дөрөвт багтах боломжоо хийсгэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-10

Английн премьер лигийн хүрээнд хэд хэдэн нөхөн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Нэгэнт түрүүлэх болзлоо хангасан “Манчестер Сити” нөхөн тоглолтоо “Брайтон”-тай тоглож, 3:1-ээр хожлоо. Ингэснээр 97 оноотой болж, рекорд тогтоолоо.

Харин топ дөрөвт орохын төлөө өрсөлдөж байгаа “Тоттенхэм” клуб талбайдаа “Нью Касл”-ыг хүлээж авч, 1:0-ээр хожсон. Ингэснээр 74 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ. 38 дугаар тойрогт хожиход энэ байраа хадгална. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Харри Кейн 50 дахь минутад оруулсан. Ийнхүү тэрбээр премьер лигт энэ улиралд 28 гоол орууллаа. Сүүлчийн тойрогт гоолынхоо тоог нэмэх боломж түүнд бий.

Тэгвэл топ дөрөвт өрсөлдөхийн төлөө тэмцэж байсан “Челси” клуб талбайдаа “Хаддерсфилд”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Челси” 70 оноотой болж, тавдугаар байрт бичигдэж байна. Сүүлчийн тойрогт “Ливерпүүл” хожигдож, “Челси” хожиж гэмээнэ “Цэнхэрүүд” Аваргуудын лигт орох боломжтой болно. Бусад тохиолдолд боломжгүй. Хэрвээ нөхөн тоглолтдоо хожиж чадсан бол тэдний Аваргуудын лигт оролцох боломж нэмэгдэх байв.

“Хаддерсфилд” нөхөн тоглолтдоо тэнцсэнээр 37 оноотой болж, доошоо унахааргүй боллоо. Тоглолтын 50 дахь минутад оруулсан Депуатрын гоол тэднийг дээд лигт үлдээлээ.

“Арсенал”-ын хувьд зургадугаар байраар энэ улирлыг дуусгах нь ойлгомжтой. Тэд нөхөн тоглолтоо “Лестер”-ийн талбайд хийж, 3:1-ээр хожигдлоо. Ингэснээр “Арсенал” 60 оноотой хэвээр үлдэв. Харин “Лестер” 47 оноотой болж, есдүгээр байрт бичигдэж байна. Энэ тоглолтод Варди нэг бөмбөг оруулснаар энэ улиралд премьер лигт 18 гоол хийлээ.