Английн премьер лигийн 4 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Ням гарагт топ-6 багийн гурав нь тоглосон. Эхлээд “Арсенал” клуб “Кардифф”-ын талбайд зочилж, 2:3-аар буулгаж авлаа. Ингэснээр хоёр хожилтой болж, 6 оноотойгоор 9 дүгээр байрт бичигдэж байна.
Тоглолтын 11 дэх минутад Мустафи тооны харьцааг нээсэн. Гэвч 45 дахь минутад Камараса тэнцүүлж дөнгөсөн юм. Харин Обамеянг 62 дахь минутад дахин багтаа тэргүүлэл авчирсан ч Уорд 70 дахь минутад тэнцүүлэв. Тэгвэл 81 дэх минутад Ляказетт хожлын гоол оруулж, багтаа ялалт авчирчээ.
Хоёр дараалан хожигдоод байсан “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт “Бөрнли”-гийн талбайд зочилж, 0:2-оор хожлоо. Тоглолтын 27, 44 дэх минутад Лукаку хоёрыг оруулж, багтаа ялалт авчирсан юм. Ингэснээр 6 оноотой болж, 10 дугаар байрт бичигдэж байна. Муу мэдээ нь Рэшфорд 71 дэх минутад улаан хуудас авч, багаа хөөдсөн. Гэхдээ үлдсэн хугацаанд нь хүн дутуу тоглосон "Улаан чөтгөрүүд" гоол алдалгүй хамгаалж дөнгөсөн юм.
Энэ улирлыг ид шидийн гэмээр эхлүүлж, гурав дараалж хожоод байсан “Уотфорд” клуб талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээж авлаа. Аль аль баг нь гурван хожилтой байсан. Тэгвэл “Уотфорд” талбайдаа хүчтэй өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, шуугиан тарилаа. Мөн эхний дөрвөн тойрогт гурав хожсон гурван багийн нэг болж, гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. “Тоттенхэм”-ийн хувьд 9 оноотой болж, тавдугаар байрт бичигдэж байна.
Тоглолтын 53 дахь минутад Дукуре өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин 69 дэх минутад Динн тэнцүүлж, Кэткарт 76 дахь минутад хожлын гоол оруулжээ.