Дэлхийн шилдгийн төлөөх өрсөлдөөн Салах, Роналдо, Модрич гурвын дунд өрнөнө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-04

2018 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчний төлөөх өрсөлдөөнд тунаж үлдсэн гурван тоглогчийн нэр тодорлоо. Өнгөрсөн улиралд гайхалтай байж, Аваргуудын лигт багийнхаа хамтаар гурав дараалж түрүүлсэн Криштиано Роналдо эцсийн шатанд шалгарч үлдлээ. Тэрбээр “Реал Мадрид”-ын хамтаар Европын хамгийн том тэмцээнд түрүүлээд зогсохгүй, мэргэн бууч болсон юм.

Тэгвэл Английн премьер лигт 32 гоол оруулж, рекорд тогтоосон. “Ливерпүүл”-ийн хамтаар Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хүрч чадсан. Египетийн шигшээг ДАШТ-д оруулсан гавьяатан Мохамед Салах шилдгийн төлөө шалгарч үлдэв.

Мөн “Реал Мадрид”-ын хамтаар Аваргуудын лигт гурав дараалсан түрүүгээ хүртэж, Хорватын шигшээтэй дэлхийн аваргын финалд хүрч, түүхэн амжилт үзүүлсэн Лука Модрич гоолын машинуудын хамт дэлхийн шилдгийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Сүүлийн 10 жил дэлхийн шилдгийн төлөөх сүүлчийн шатнаас хасагдаж байгаагүй “Барселона” клубын шилдэг тамирчин Месси энэ удаад өнжлөө.

Шилдэг дасгалжуулагчийн төлөө Хорватын шигшээг амжилттай удирдсан Златко Далич, Францтай дэлхийн аварга болсон Дидье Дешам, “Реал”-ыг Аваргуудын лигт гурав дараалуулан түрүүлүүлж чадсан Зидан нар өрсөлдөн. Харин шилдэг хаалгачийн төлөө Бельгийн Тибо Куртуа, дэлхийн аварга Уго Льорис, Данийн хаалгыг манахдаа гайхалтай хаалтуудыг хийсэн Каспер Шмейхель  нар өрсөлдөхөөр шалгарч үлдлээ.