П.Орхоны алтан медалийг хураах нь тодорхой болсон уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-04

“Азийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн спортын XVIII наадмын чөлөөт бөхийн 62 кг-ын жинд манай тамирчин, Дэлхийн аварга П.Орхон түрүүлж, алтан медалийг энгэртээ зүүж, элэг нэгтэн монгол түмнээ баярлуулж байсан нь саяхных.

Тэгвэл П.Орхоноос сэргээш илэрсэн гэх мэдээлэл монголчуудыг төдийгүй түүнийг шүтэн биширдэг дэлхийн чөлөөт бөхийн хорхойтнуудын голыг гонсойлгоод байгаа. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбоо болон П.Орхоны дасгалжуулагч багш нар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Харин тамирчины хувьд сэтгэл санааны хүнд дарамтад байгаа бөгөөд “Намайг хүн хорлосон. Тэмцээний урд өдөр надад гаа гэж эм шиг цагаан юм өгсөн. Мөн хоол хийж өгсөн эмэгтэй тамирчин байгаа” хэмээн мэдэгдсэн аж.

Гэвч, түүнээс авсан шинжилгээгээр АНУ-д морин уралдааны үеэр хэрэглэдэг хамгийн хүчтэй сэргээшийн бэлдмэл илэрсэн нь тодорхой болоод байгаа аж. А болон Б сорьцын шинжилгээгээр нотлогдсон учраас түүний алтан медалийг хурааж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь гурван жилээр хасах магадлал өндөр болоод байна.

П.Орхоны тухайд энэ бэлдмэлийг хэдий хугацаанд хэрэглэснийг тогтоох нь чухал байгаа бөгөөд хэрвээ тэмцээний үеэр хэрэглэсэн байвал түүнийг хорлосон байх магадлал өсөх юм. Нөгөөтэйгүүр, олон удаагийн тэмцээнд оролцож, үргэлж сэргээшийн шинжилгээ өгч байсан тамирчин яагаад Азийн наадмын үеэр сэргээш хэрэглэсэн бэ гэдэг нь сонирхолтой сэдэв хэвээр үлдлээ.