Монголын хөлбөмбөгийн шигшээ Тайвань, Ардчилсан Солонгос, Хонгконгийн багтай тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-07

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Гуамын багтай 1:1-ээр тэнцсэнээр анх удаа Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давлаа. Нэг хожил, нэг хожигдолтой явсан Гуамын баг манай шигшээг заавал хожиж байж дараагийн шатны эрх авах байсан учраас өнөөдөр маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэв.

Тоглолт харилцан довтолгоонтой өрнөсөн ч гоол оролгүй үндсэн цаг дуусах дөхөөд байв. Гэвч 89 дэх минутад Гуамын багаас Деван Жаков Камачо гоол оруулж, “Талын хөх чононууд” үлдсэн таван минутын хугацаанд тооны харьцааг зайлшгүй тэнцүүлэх шаардлагатай болсон юм.

Гоол алдсан манай шигшээ багийнхан болон хөгжөөн дэмжигчид огтхон ч сэтгэлээр уналгүй шүүгчийн мэдлийн дөрвөн минутыг зөвхөн өөрсдөд нь зориулан сунгасан мэт эрч хүчтэй довтолж эхэлсэн. Үүнийхээ үр шимийг хүртэж, сэлгээгээр орж ирсэн М.Жансерикийн дамжуулалтаар Н.Цэдэнбал Монголын хөлбөмбөгийн 60 жилийн түүхэнд хамгийн томоор дурсагдах чухал нэгэн гоол орууллаа.

Хожлын дайтай тэнцээ авсан манай эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамтаар Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны босгыг давж байна. Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багууд анх удаа зэрэг оролцсон бөгөөд хоёулаа дараагийн шатанд шалгарч түүхэн амжилт бүтээлээ.

Монголын шигшээ багийн залуус нэгдүгээр шатны аваргын цомоо өргөснөөс гадна Н.Цэдэнбал шилдэг тоглогч, Б.Балжинням мэргэн буучийн шагналыг хүртлээ. Мөн арваннэгдүгээр сард Тайвань улсад болох Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд Тайвань, Ардчилсан Солонгос, Хонгконгийн багуудтай тулахаар боллоо.