Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Макаогийн багтай 0:0-ээр тэнцэж, эрэгтэйчүүдийнхээ адилаар 7 оноотой хэсгээ тэргүүлсэн юм.
Тийнхүү Монголын эмэгтэйчүүдийн анхны үндэсний шигшээ багийнхан Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны аварга болсноос гадна манай шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин шилдэг тоглогч боллоо.
Үндэсний шигшээ багийнхан анхны тэмцээнээ амжилттай давсан бол манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг 16 насны шигшээ баг 9-р сарын 15-23 өдрүүдэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзнэ.
Энэ тэмцээн мөн л түүхэндээ анх удаа Монгол улсад зохион байгуулагдана. Лаос, Энэтхэг, Хонгконг, Пакистаны шигшээ багууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж өрсөлдөнө.
Харин эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хувьд Зүүн Азийн АШТ-ий 2-р шатны тэмцээнд оролцох эрхтэй болсон. Энэхүү тэмцээн арванхоёрдугаар сард Гуамд болно. Тус тэмцээнд БНХАУ, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд манай улстай тоглоно.
Түүнээс өмнө буюу 11-р сард бас нэгэн томоохон тэмцээн хүлээж байгаа нь 2020 оны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний сонгон шалгаруулалт байх юм. Тус тэмцээн одоогоор хаана болох нь тодорхой болоогүй ч 11-р сарын 4-13 өдрүүдэд Монгол, Тайвань, Филиппин, Сингапур, Тажикистаны багуудын хооронд болно.