Луис Диаз шийдвэрлэх гоол оруулсаныхаа дараа эцгийг нь суллахыг уриаллаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-06

Хөмбөгийн Премьер лигийн “Ливерпүүл” багт харьяалагддаг Луис Диаз энэ сарын 5-нд болсон Лутон Тауны эсрэг тоглолтод эцэг эхийг нь гэмт хэрэгтнүүд хулгайлснаас хойш анх удаа талбайд гарч, багаа аврах шийдвэрлэх гоолыг орууллаа.

Үүний дараа тэрбээр одоо хүртэл үхсэн, амьд нь тодорхойгүй байгаа аавыг нь нэн даруй суллахыг уриалсан байна. Луис Диас Лутон Тауны эсрэг тоглолтын 83 дахь минутад сэлгээгээр талбайд гарч, үлдсэн цагт 1:1 гоолдсоноор багаа хожигдлоос аварч чадсан юм. Харин үүний дараа өмсгөлөө тайлж, “Аавыг сулла” гэсэн бичигтэй фудволкоо харуулсан байна.

Мөн X хуудастаа “ELN бүлэглэлд аавыг минь нэн даруй суллаасай хэмээн хүсч байна” хэмээн бичжээ. Өнгөрсөн сарын 28-нд түүний аав, ээж эх орон Колумбдаа байхдаа зэвсэгт бүлэглэлд барьцаалагджээ. Ээжийг нь цагдаа нар нэг шөнийн дотор аварсан ч, аав нь одоог хүртэл сураггүй хэвээр байна. ELN нь Колумбын хамгийн радикал зүүний  бүлэглэл бөгөөд хүн хулгайлах, барьцаалах болон хар тамхины наймааны орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг аж. Тус бүлэглэл Луис Диазын аавыг барьцаалсан нь “алдаа” гэж мэдээлсэн ч, одоо хүртэл суллаагүй байна.