Английн шигшээ баг өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд Испанийг хүлээж авч тоглон, 1:2-оор хожигдсон билээ. Энэхүү тоглолтын өмнө “Тоттенхэм” клубын довтлогч Харри Кейн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучийн шагнал болох “Алтан шаахай”-г гардаж авлаа.
Түүнийг шагналыг Английн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт гардуулж өгсөн юм. Харри Кейн дэлхийн аваргын үеэр 6 тоглолтод оролцож, 6 гоол оруулсан юм. Тэрбээр Тунисыг 2:1-ээр хожиход дубль хийсэн бол Панамын эсрэг хет-трик толилуулсан билээ.
Харин Колумбыг торгуулийн цохилтоор хожсон тоглолтод нэг гоол оруулсан. Тэрбээр оруулсан зургаан гоолынхоо гурвыг нь торгуулийн цохилтоос хийсэн юм.