Улаанбаатарт Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг ирэх оны гуравдугаар сарын 23-нд зохион байгуулна. Энэ хуралд сагсан бөмбөгийн нэрт тамирчин Яао Мин тэргүүтэй Ази тивд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирэх аж.
Тус холбооны зорилго нь бүс нутгийн сагсан бөмбөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоонд Монгол, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, БНАСАУ, Хонконг, Макао багтдаг билээ.
Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоог NBA-гийн алдрын танхимын гишүүн, ФИБА-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яао Мин тэргүүлж байгаа юм. Хурлаар бүс нутагтаа өсвөр үе, эмэгтэйчүүдийн болон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Зүүн Азийн супер лигийн зохион байгуулалтын талаар хэлэлцэх юм байна.