Залуу бөхчүүд өнөөдөр  Трнаваг зорино

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-16

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргаашнаас 23-ны өдрийг хүртэл  Словакийн Трнава хотод болно. Словакт манай улсаас 57 кг-ын жинд Б.Түмэнцогт, 61 кг-д Д.Жамсранжав (хоёул Хасу-Мегастарс), 65 кг-д Б.Буд (73 дугаар сургууль), 70 кг-д Т.Тэргэл (Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д Б.Цэрэндаш (хоёул Орхон аймаг, Ирээдүйн одод), 92 кг-д Ч.Алтангэрэл (Хилчин), 125 кг-д М.Лхагвагэрэл (Аварга) нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 53 кг-д Б.Энхцэцэг (Аврагч), 55 кг-д Б.Халиунаа (Орхон аймаг, "Ирээдүйн одод", “Жем бридж” ХХК), 57 кг-д Б.Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 68 кг-д Э.Даваанасан (Алдар), 72 кг-д Б.Намуунзаяа (Налайх), 76 кг-д Г.Ариунжаргал (Алдар) гэсэн 16 тамирчин гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Идэрсайхан, спортын мастер Ё.Батдархан, П.Чулуунбаатар, Ж.Дандарын хамт өнөөдөр эх орноосоо мордоно. 
 

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.