Б.Шоовдор түрүүлж,  Э.Даваачимэг хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-16

Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит Олон улсын тэмцээн өнгөрсөн баасан гарагт Минскт эхэлсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор алт, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль хүртэв. 
 

Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, “Mongolia Open” ОУТ-ий аварга, ОУХМ Б.Шоовдор манайхнаас Александр Медведийн ОУТ-д түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Хамгийн сүүлд 2000 онд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тус тэмцээнд аваргалж байв. 
 

Тэрбээр Минскт 1/4 шигшээд Беларусийн Анастасья Хучокыг 6:0-ээр, хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын Европын аварга ОХУ-ын Юлья Албороваг 6:3-аар хожсон. Улмаар  алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Татьяна Омельченког 4:0-ээр тус тус ялснаар аваргын тавцанд зогссон юм.
 

55 кг-д Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ болон улсын дөрвөн удаагийн аварга Э.Даваачимэг эзэн орны Залина Сидакова, БНХАУ-ын Луо Ланнуаныг ялсан ч хагас шигшээд 2014 оны Европын аварга ОХУ-ын Мария Гуровад 6:7-гоор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Анастасья Ямененкаг оноогоор цэвэр (13:2) ялсан байна.
 

Түүнчлэн сүүлийн өдөр бую өнөөдөр 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг алтан медалийн төлөө барилдана.